Сурагч элсүүлэх, хасах журам

СБД-ИЙН 11 ДҮГЭЭР СУРГУУЛЬД СУРАГЧ  ЭЛСҮҮЛЭХ  ХАСАХ  ЖУРАМ

 НЭГ: Ерөнхий зүйл
Зорилго: Математикийн гүнзгийрүүлсэн сургалтын стандартын шаардлагыг хангаж суралцах чадвартай сурагчдыг сонгон шалгаруулж элсүүлж, суралцуулахад оршино.
 ХОЁР: Сурагч элсүүлэх тухай
  1. Тус сургуульд  тухайн жилд ЕБС-ийн  бага боловсрол эзэмшсэн монгол улсын бүх сургуулийн сурагчдаас сайн дурын үндсэн дээр элсэлтийн шалгалтыг авч тэнцсэн сурагчдыг элсүүлж суралцуулна.
  2. Жил бүр элсэлтийн  өмнө захирлын тушаалаар элсэлтийн шалгалтын комиссыг томилно.
ГУРАВ: Элсэлтийн шалгалт авах тухай
  1. Бүртгэлд тавигдах шаардлага
  1. Элсэлтэнд орох сурагчид бүртгүүлэхдээ хувийн хэрэг, төрсний гэрчилгээ, цээж зураг, хураамж, /математикийн олимпиадад үзүүлсэн амжилтыг гэрчлэх баримт/ зэргийг бүрдүүлж ирнэ.
  2. Сургуулийн захиргаанаас томилогдсон багш нар  бүртгэлийг тусгай цагийн хуваариар   / үнэн зөв, цэвэр нямбай/ хариуцлагатай гүйцэтгэнэ.
  3. Бүртгүүлсэн сурагчдад фото зураг бүхий эрхийн бичиг олгоно.
  4. Тус улсын аль ч сургуулийн  бага боловсрол эзэмшсэн суралцагч нь бүртгүүлж шалгалтанд  орох эрхтэй.
2. Шалгалтын үндсэн зарчим
  1. Сурагчдын сэтгэн бодох чадварыг нээн илрүүлэх боломжтой байх
  2. Шалгалтын даалгавар, шалгуур нь түвшинд тохирсон, үнэн зөв, сурагчдад ойлгомжтой, бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх бололцоотой байх
  3. Шалгалт нь ил тод, шударга, хүндэтгэл шаардлагыг зөв хослуулсан байх
  4. Шалгалт авах хэлбэр нь тодорхой, нийтэд мэдээлэгдсэн байх
3. Шалгалтыг зохион байгуулах
  1. Шалгалт явагдах хугацааг 7-14 хоногийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
  2. Шалгалтыг тус сургуулийн захирлын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.
  3. Элсэгчдийн эцэг, эх, асран хамгаалагчдаас оролцуулан хөндлөнгийн хяналт тавина.
  4. Шалгалтыг 2 үе шаттай авна.
  5. Бүртгэлийн хураамжийг: Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлах, шалгалтанд шаардагдах бичгийн хэрэгсэл авах, элсэлтийн шалгалтанд ажилласан багш нарыг хооллох, тээврийн хөлс, унааны зардал зэрэгт зарцуулна.
4.Шалгалтын үеийн дэг
  1. Шалгалтын сэдвийг шалгалт авах өдрийн 0600-0800 цагийн хооронд хийж гүйцэтгэн шалгуулагчдын тоогоор хувилсан байна. Сэдвийг хийж гүйцэтгэсэн хүмүүс нь энэ хугацаанд нууцлагдсан байна.
  2.  0800-0900 цагийн хооронд комиссийн нарийн бичгийн дарга шалгуулагчдыг /Бүртгэлийн хуудасны зургийг тулгаж шалган/ ангиудад хуваарилж оруулна.
  3. Шалгалт авах багш, сонирхлын бүлгийн төлөөлөл бүхий /эцэг, эх/ хянагчдыг томилж ангиудад нь хуваарилна.
  4. Дээрх ажлыг гүйцэтгэсний дараа  комиссийн гишүүд сэдвийг тараана.
  5. Шалгалтын хугацаа дуусангуут комиссын нарийн бичгийн дарга шифрлэж нууцлана.
  6. Шалгалтын үеийн үйл ажиллагааг хянагч  протоколдсон байна. Багш, эцэг эхээс ангиас гарах, сурагчидтай ганцаарчлан ярилцах, дундуур нь явахыг хориглоно. Харин хүндэтгэх шалтгаанаар сурагч ангиас гарах тохиолдолд эцэг эхийн төлөөлөгч дагаж явна.
  7. Бичгийн ажлыг зөвхөн хөх өнгийн бал, үзгээр гүйцэтгэнэ. /Шалгалтын үед сурагчдаас зөрчил гаргавал шууд чөлөөлнө./
 5. Шалгалтын материалыг засах үеийн дэг
  1. Бичгийн ажлыг комиссийн дарга , нарийн бичгийн дарга нар засагч багш нарт шилжүүлж, засалтанд хяналт тавина.
  2. Бичгийн ажлыг засч дууссаны дараа шифрийг тайлж, онооны дарааллаар нь байр эзлүүлэн хоёр дахь шатны шалгалтанд орох сурагчдын тоог шийдвэрлэж ил тод байрлуулна.
  3. Шалгалтын дараагийн өдөр сурагчдыг өргөдлийн дагуу бичгийн ажлын засалтанд хяналт хийлгэж болно.
  4. Хоёрдахь шалгалтын өдрийг товлон өмнөх дэгийн дагуу явуулж хоёр шалгалтын нийлбэр оноогоор байр эзлүүлэн жагсаана. /Элсэх сурагчдын тоог комисс тогтоож эрхийн  бичиг олгоно./
                                                                     ДӨРӨВ: Суралцагчийг хасах тухай
  1.   Шалгалтанд тэнцсэн сурагчдад батлагдсан гүнзгийрүүлсэн  хөтөлбөрийн дагуу сургалтыг чанартай  зохион байгуулах ба сургалтын явцад хичээл заагч багш, сургуулийн захиргаа тогтмол хяналт хийж, үнэлгээ дүгнэлт гаргана.
  2. Тухайн суралцагч суралцах хугацаандаа гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөр, программыг хангахгүй байгаа нь сургуулийн захиргааны шалгалт, дүгнэлтээр   тогтоогдвол  ердийн сургалттай сургуульд шилжүүлэн суралцуулна.
  3.  Тухайн суралцагч нь гэмт хэрэг хэв журмын зөрчил гаргасан, сургуулийн дотоод журам зөрчсөн тохиолдолд БНЗ-ийн хурлаар хэлэлцүүлж хасах хүртэл арга хэмжээ авна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн